Нийтлэсэн 2018-05-29 0
-“Нишаний форум” хийгээд соёл иргэншлийн тухай өгүүлэхүй-
Хэсэг хүмүүн цугаар явахуйд тэдний
дунд миний багш болох нь лав буй.
Сайныг нь шилэн сурнам,
саарыг нь сонжин заснам.
КҮНЗ
Өглөө эртлэн босож зочид буудлын цонхоор харахуйд гадаа зөөлөн бороо шивэрч байлаа. БНХАУ-ын зүүн хэсэгт орших Чүфү хотноо чуулсан “Уламжлалт соёл ба экологийн соёл иргэншил: Байгальд ээлтэй, эгэл хямд байдал өөд зорих хүн төрөлхтний амьдрал” сэдэвт “Нишаний IV удаагийн дэлхийн соёл иргэншлийн форум” өндөрлөж, өнөөдөр үдийн өмнө Бээжин хот хүрч, оройдоо МИАТ-ынхаа онгоцоор Монголдоо буцах тул тийнхүү эртлэн боссон хэрэг.
Хятад улсад тогтмол болдог олон улсын форумын нэг нь “Нишаний форум” юм. Дэлхийн улс орнуудын төр, парламент, засгийн тэргүүн нар, олон улсын байгууллагын удирдагчид оролцдог “Боагийн Азийн форум” гэж бас бий. Өөр өөр соёл иргэншил хоорондын харилцаа, зохирол нийцлийг гол сэдэв болгосон “Нишаний форум” нь эртний Хятадын их сэтгэгч Күнзийн төрсөн нутагт чуулдагаараа онцлогтой. Күнз НОТӨ 551 онд Нишань уулын нэгэн агуйд төрсөн гэдэг. Дотроо булаг шандтай, байгалийн өвөрмөц тогтоц бүхий уг агуйд Күнзийн ээж нь ирж хүүгээ төрүүлсэн гэх домог буй. Олон орны эрдэмтэн мэргэд хуран чуулдаг “Дэлхийн соёл иргэншлийн форум” хэмээх энэхүү их чуулганыг “Нишаний” хэмээн тодотгодог нь ийм учиртай.
Эдүгээ энд “Нишаний дагшин газар” хэмээх соёл, аялал жуулчлалын аварга том цогцолбор сүндэрлэн босч байна. 72 метр өндөр сүрлэг, аварга том Күнзийн хөшөө алсаас сүүхийн харагдаж, айлчлан ирэх зочин гийчдийг угтан тосох нь “Эрхэм анд эрдэм сураад алсаас ирэхүй баясал бус уу” хэмээсэн Күнзийн мэргэн үгийг өөрийн эрхгүй бодогдуулна. “Нишаний дагшин газар”-ын нүсэр том бүтээн байгуулалт гурван үе шаттай хэрэгжих ажээ. Эхний үе шатанд Күнзийн хөшөө, Күнзийн эрдмийн танхим, Күнзийн номын хүрээлэн зэргийг байгуулснаар Күнзийн соёлын иж бүрэн төв буй болж, хоёр дахь шатанд Номын мэргэдийн хүрээлэн, Энэрэхүй ёсны хүрээлэн, Даян дэлхийн Күнзийн институтын Холбооны төв зэргийг байгуулж, гурав дахь шатанд Нишаний бүтээлч санааны үйлдвэрлэлийн парк, Нишаний олон улсын урлагийн төв зэргийг бүтээн байгуулах ажээ. Тийнхүү “Нишаний дагшин газар” шинээр цогцлон босч, улмаар Чүфү хотноо орших “Күнзийн гурван дагшин газар” (Күнзийн сүм, Күнзийн ордон, Күнзийн ой) -тай хоршин найрсаж, Күнзийн иж бүрэн соёлын өвийг бүрдүүлснээр, ойрын ирээдүйд Иерусалим, Лумбини, Мекке, Афин зэрэг газруудтай эн зэрэгцэхүйц дэлхийн соёлын ариун дагшин газар болон хөгжих нүсэр том төлөвлөгөө энд хэрэгжиж байна.
“Нишаний форум”-ын анх үүссэн түүх бас сонин. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 2009 оны 10-р сард Сенатын нэр бүхий гишүүдийн санаачлагаар Күнзийн мэндэлсний 2560 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг олонхийн саналаар баталжээ. Уг тогтоолд дурдахдаа “Күнз өөрийн биеийг хянан цагдах, журамлан засах, үнэнч шударгуу байх хийгээд нийгмийн харилцаан дунд харилцан бие биесээ хүндлэн дээдэлж, хувь хүн болон нийгмийн амьдралд тэгш шударгуу, ёс журамт байдлыг хэрэгжүүлэх тухай номлосон нь хамгийн дээд эрэмбийн ёс суртахууны илрэл болж байна. Түүнчлэн Күнзийн “Шүүмжлэл өгүүлэл” номд дурдсан “Өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад бүү тулгагтун”, Өөрийн биеийг тэтгэн босгосугай хэмээвээс өөр бусдыг тэтгэюү, өөрийн биеийг нэвтэрхий болгосугай хэмээвээс өөр бусдыг нэвтэрхий болгоюу” хэмээсэн сургаал нь ёс суртахууны эрхэм үлгэр дуурайлал мөн бөгөөд хүн төрөлхтний зохирол нийцэлд тус дөхөм үзүүлж чадна” хэмээн онцолсон ажээ. Энэ нь Күнзийн төрсөн нутагт “Нишаний форум”-ыг үүсгэн зохион байгуулах эх үүтгэл болж, 2010 оноос эхлэн 2 жил тутам хуралддаг уламжлал тогтсон түүхтэй юм.
“Нишаний IV удаагийн дэлхийн соёл иргэншлийн форум” энэ жил 11-р сарын 15-18-ны өдрүүдэд боллоо. Дэлхийн 20 гаруй орон, НҮБ болон олон улсын зарим байгууллагын нийт 200-гаад төлөөлөгч, Хятадын НШУ-ны академи, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагын 600-гаад төлөөлөгч оролцож, гурван өдрийн турш өөр өөр соёл иргэншлийн байгаль экологийн билиг ухаан, экологийн соёл иргэншил ба хүн төрөлхтний эгэл хямд амьдрал, экологийн соёл ба хүн төрөлхтний хөгжил зэрэг өргөн хүрээтэй, олон асуудлаар эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцон, илтгэл өгүүлэл хэлэлцэн, хурлын төгсгөлд “Хүн төрөлхтний энгийн хямд амьдралын тунхаг бичиг” гаргаснаар өндөрлөсөн юм.
Хоёр жилийн өмнө, 2014 оны 5-р сард хуралдсан “Нишаний III удаагийн форум”-д оролцож илтгэл хэлэлцүүлэх завшаан мөхөс надад бас олдсон билээ. Энэ удаа миний бие “Нүүдэлчдийн соёлын байгаль хамгаалах билиг ухаан” гэсэн сэдвээр илтгэл тавьж, дэлхийн олон орны эрдэмтэн мэргэдэд монгол түмнийхээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг оюун билиг, эрдэм ухааны зах зухаас сонордуулах сайхан завшаан болов хэмээн омогшиж явлаа.
Хүн хэмээгч амьтан байгалийн бүтээгдэхүүн. Эрдэнэт хүмүүнийг тэнгэр, газар, түмэн бодисоос ангид тусгаар үзэхийн аргагүй тул хүмүүн төрөлхтний оршин тогтнож, хөгжин мандах нь мөнхүү тэнгэр, газар, түмэн бодис лугаа салшгүй холбоотой. Байгаль дэлхийг байлдан дагуулж, эрхшээн эзэмшсэнээр хүмүүн төрөлхтөн асар их баялгийг бүтээн буй болгосны зэрэгцээ бас асар их гай гамшигийг өдөөн үүтгэсэн нь эргээд хүмүүн төрөлхтний оршин тогтнохуйд ноцтой аюул учруулж байна. Хүмүүн төрөлхтний тогтвортой хөгжлийн асуудал нь мөн чанартаа хүн, байгалийн зохирлын асуудал болж байна. Хүмүүн гэгч амьтан өөрийн материаллаг хэрэгцээ, хүсэл таашаалаа хангахын төлөөнөө зэрлэг ан амьтдыг ихээр хөнөөж, ой модыг огтлон сүйтгэж, атар талыг хагалж сэндийлэн, их хэмжээний аж үйлдвэрийн бохирдол буй болгохын зэрэгцээ дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдол, усны хомсдол, цөлжилт, өвс ургамал, ан амьтны төрөл зүйлийн устаж мөхөх зэрэг олон асуудал хүн төрөлхтнийг түгшээж байна. “Нишаний IV удаагийн дэлхийн соёл иргэншлийн форум”-д хуран чуулсан дэлхийн орон орны эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд чухам энэ бүхнийг олон талаас нь хөндөн ярьж, олон соёлын гүн чанадад оршин ахуй байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг билиг ухааны сор дээж, өнөө цагийн үнэ цэнийн тухай хэлэлцсэн юм.
“Өнчин ганц цэцэг дэлгэрсэнээр хавар болдоггүй, өнгө алагласан цэцгүүд бүгд дэлгэрч байж хаврын үзэмж бүрддэг” гэсэн хятадын хууч үг чухам утгаараа “Нишаний форум”-ын индрээс хүчтэй цуурайтаж байлаа.
-“Дорнын дагшин газар”-Чүфү хот хийгээд Күнзийн тухай өгүүлэхүй-
Хятадын нийгмийн үндсэн үнэт зүйлс нь дараа дараагийн үедээ
Кунфузы буюу (латинаар Confucius ) хэмээн алдаршсан эртний
нэгэн гүн ухаантны сургаалаас улбаатай.
Хэнри Киссинжэр (Нобелийн шагналт, дипломатч)
Чүфү хот “Нишаний дагшин газар”-аас зүүн өмнө зүгт 25 км зайтай оршино. Эрт цагийн Лу хэмээх улсын нийслэл, одоогийн Чүфү хотод Күнз бага, залуу насаа өнгөрөөж, идэр насандаа нутгаасаа гарч, 14 жил өөр бусад ханлиг улсуудаар хэрэн хэсэж, өтөл насандаа эргэн ирж, насан хутгийг олсон гэдэг. Чүфү хотын хаалгаар орж ирэхүйд Күнз итгэлт хэдэн шавиа дагуулан шударга үнэний эрэлд хатан, ханлиг улсуудаар хэрэн хэсүүлчилж явсан түүхийг дүрслэн харуулсан аварга том хөшөөний цогцолбор таныг угтана тосно. Күнзийг 3 настай байхад эцэг нь таалал төгсөж, эх нь балчир хүүгээ аван, эцгийн гэрээс гарч, Чүфүд ирж, элдэв гачлан, зүдгүүр дундуур ганц биеэр туучсаар хүүгээ 18 нас хүртэл өсгөөд, өөрөө цаг бусаар нас нөгчсөн хэмээдэг. Тиймээс ч Күнз “ Би хар багаас ядуу доорд явж, хатуу хүтүү бүхнийг үзсэн билээ” хэмээх өгүүлжээ. Тэрбээр амь зуухын эрхээр айл амьтны найр наадам, бэлбэсрэл гашуудлын үйл дээр бүрээ үлээх, мал хариулах, язгууртан хэргэмтний гэрийн сангийн данс хөтлөх зэрэг тэр цагийн хар бор ажилд нухлагдаж явжээ. Чингэж зүдэж явахдаа тэр цагийн эрдэм боловсролд суралцаж, төгс нэвтэрсэн гэдэг. Тиймээс ч “Би эхээс эрдэм чадвар төгс төрөөгүй билээ. Эртний соёлд шимтэн суралцаж, эрдмийг эрлээр олсон бөлгөө”, “Эгэл дороос суран сурсаар эрхэм дээдэд нэвтрэв”, “Улс намайг эс зарав, улмаар би эрдэмд боловсров” гэхчлэн өгүүлсэн байдаг.
Күнз хожим нь “Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж, ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив” хэмээх нэгэн насны туулж өнгөрүүлсэн бүхий л амьдралаа хураан өгүүлжээ.
Дэндүү жижигхэн атлаа дэлхийн чихийг дэлдийлгэсэн Чүфү хот 5000 жилийн түүхтэй. Эдүгээ 600 мянга гаруйхан хүн амтай, нийт хүн амын 20 гаруй хувь нь Күнзийн удам угсаа, үр үлтэс хэмээнэ. Их сэтгэгч Күнз хэдэн мянганы тэртээ энэ л газар шороон дээр гишгэж явж дээ гэж бодохуйд өөрийн эрхгүй өвөрмөц сонин мэдрэмж төрнө. Хятад улсын нэгэн гайхамшиг болох “Күнзийн гурван дагшин газар” Чүфү хотноо оршино. Энэ нь Күнзийн сүм, Күнзийн ордон, Күнзийн ой юм. Күнзийг тэнгэрт хальсаны дараа жил буюу НОТӨ 478 оноос барьж эхэлсэн гэх домог түүхтэй Күнзийн сүмийн эртний барилгуудын цогцолбор нь уран барилгын хосгүй дурсгал, буурал түүхийн гэрч баримт болон эдүгээ цаг үед хүрч ирсэн нь хятадын үе үеийн төр улс, олон үеийн хаад эзэд Күнзийг орой дээрээ залан, үзэл номлолыг нь шүтэж биширч ирсэнтэй холбоотой юм. Күнзийн ордныг Сүн улсын үе буюу 1038-1040 оны үеэс барьж эхэлжээ. Күнзийн сүм, Күнзийн ордон эдүгээ Бээжин хотноо оршдог Гугун буюу Хааны ордны дараа орох хамгийн эртний бүрэн бүтнээрээ үлдсэн уран барилгын цогцолборт тооцогддог ажээ. Тиймээс ч “Дэлхийн гурван том дагшин газрын нэг” хэмээн нэрлэгдэж, 1994 онд ЮНЕСКО “Дэлхийн соёлын өв”-өөр бүртгэсэн түүхтэй юм.
Күнз 30 настайдаа энэ л газар анхны хувийн сургууль байгуулжээ. Шавь нарынх нь тоо 3000 хүрч байсан гэх агаад түүний дотор ном эрдэмд төгс боловсорч, тодорч цолгорсон 72 шавьтай байсан гэдэг. Энгийн доорд хүн сургууль байгуулах, эгэл доордсын үр хүүхэд ном эрдэм сурах хориотой байсан тэр цагт “Эрдэм сургахад элдэв ялгал үгүй” хэмээн өгүүлж, “арван годгор борц барьж ирсэн хүмүүнд бичиг эрдэм заахаас эс цааргалан”, “эрдмийг цэнгэл болгохын” чухлыг сургаж байсан нь нэн гайхалтай.
Иргэн нь хөлжвөөс улс нь баяжиж, иргэн нь боловсорвоос улс нь хөгждөг ертөнцийн жам ёсыг эдүгээ хүмүүн төрөлхтөнд дэлхийн олон орон нэгэнт нотлон харуулсаар байгаа билээ. Энэ л жам ёсыг тэр цагт Күнз номлож байж. Күнз хэрэн хэсүүчилж явахдаа нэгэнтээ Вэй хэмээх улсад хүрч очжээ. “Эндэхийн хүн зон энгүй олон ажгуу” хэмээн Күнзийг өгүүлэхүйд тэргийг нь хөтөлж явсан шавь Рань Ю “Хүн зон олон болохул хэрхвээс зохилтойг” асуухад “Баян чинээлэг болговоос зохилтой” хэмээжээ. “Баян чинээлэг болгосны хойно бас хэрхвээс зохилтойг” асуухад “Гэгээрүүлэн сургаваас зохино” хэмээн хариулсан гэдэг.
Күнз 50 нас хүрээд сая төрд алба хашсан боловч, ордны язгууртан хэргэмтэнд ад үзэгдэж, ил далд элдэв явуулга хуйвалдаанд байнга өртөх болсоор, төрийн албыг тавхан жил хашаад Лу улсад тогтож суух аргагүй болсон тул өөрийн итгэлт хэдэн шавиа дагуулан, сайн ёс суртал, үнэн мөн, шударга итгэл, өршөөл энэрлийн эрэлд хатаж, 7 ханлиг улсаар 14 жил хэрэн хэсүүчилсэн түүхтэй юм. Нас сүүдэр 68 хүрэхүйд сая Лу улсдаа эргэн иржээ. Одоогийн Шаньдун, Хэнаний нутгаар 14 жилийн турш хэрэн тэнүүчилж явахдаа олон зовлон бэрхшээл үзэж, өл хоолгүй өлбөрч үхэхдээ тулж, мөрдүүлж мөшгүүлж, хоргоогдон саатуулагдаж, зарим хүнд “золбин нохой” хэмээн адлуулж явсан гэдэг. Тиймээс ч Күнз “Нарс майлс модод навчисаа хамгийн сүүлд гөвдөгийг тэнгэр хүйтэрч, газар хөлдөхүйд сая анзаардаг аа” хэмээн халаглан өгүүлсэн байдаг.
Нэгэн бяцхан түүх өгүүлье. Нэгэнтээ гал гарч, Күнзийн морины зүчээ шатжээ. Энэ үед Күнз хааны ордонд бараалхаж явсан аж. Тэрбээр харьж ирээд, гал гарч, морины зүчээ шатсаныг дуулуут яаран асуусан нь:
-Хүмүүн эндэж бэртээгүй буй заа?
Күнз морио ч, эд хөрөнгөө ч асуусангүй, харин морь малладаг доорд зарцын бэртэж гэмтсэн эсэхийг лавлажээ. Энэ нь Күнзийн “хүмүүнийг энэрэхүй” үзэл номлолын жишээ гэдэг. Күнзийн амьдарч байсан тэр харгис бурангуй цагт хамжлага боолыг хүн хэмээн үздэггүй, ихэнхдээ ярьдаг эд агуурс мэтээр доорд үзэж, эзэд нь дур зоргоороо зарж арилжиж, тэр ч байтугай алж егүүтгэж болдог байж.
Тэгвэл Күнз хүнийг дээд язгууртан, доод зардсан хэмээн эс алагчлан, хүмүүн хэмээхүйн үүднээс адил тэгш үздэг байжээ. Тэрбээр “Өршөөлт хүмүүн л өөр бусдыг хайрлаж чадмой”, “Ойрын садангаас өршөөлт хүмүүн дээр” хэмээн сургажээ.
Хүмүүн төрөлхтний соёл, сэтгэлгээний түүхэнд Күнзийн оруулсан хувь нэмэр яндашгүй их. Тэр их өв хөмрөгийн дотор түүхийн нугачаанд улам тодорч гийсэн, дурдваас зохилтой хоёр чухал зарчим байдаг нь “өгөөмөр шударгуу” ба “өршөөл уучлал” ажээ. Күнз “өөрийн биеийг тэтгэн босгосугай хэмээвээс өөр бусдыг тэтгэюү, өөрийн биеийг аливаад нэвтэрхий болгосугай хэмээвээс өөр бусдыг нэвтэрхий болгоюу, өөрийн биеэр үлгэрлэн, ойр адил болгоюу” хэмээн сургасныг “өгөөмөр шударгуу ёс”-ны сургаал хэмээнэ. Эдүгээ БНХАУ-ын дэвшүүлээд байгаа “Нэг бүс, нэг зам” хэмээх стратегийн асар том үзэл баримтлал нь чухамдаа Күнзийн дээр өгүүлсэн сургаал номлолоос эх улбаатай, тэрхүү сургаал номлолын бодитой биелэл мөн хэмээн судлаачид тэмдэглэж байна. БНХАУ сэргэн мандаж, хүчирхэгжин, дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц болсноор, даян дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн өргөн уудам орон зайг буй болгож, Ази, Европыг холбосон, XXI зууны эдийн засгийн хамтын ажиллагааны цоо шинэ хэв загвар цогцлоон буй болгохыг зорьж байна. Учир нь “Нэг бүс, нэг зам” төсөлд зам дагуу орших 65 улс, 4,4 тэрбум хүн ам хамрагдах бөгөөд энэ нь дэлхийн хүн амын 63 хувийг эзлэх ажээ.
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин “Хүн төрөлхтөн ганцхан дэлхийтэй, улс орнууд нэгэн дэлхий дээр зэрэгцэн оршиж байна. “Нэг бүс, нэг зам”-ын бүтээн байгуулалт нь хамтдаа хэлэлцэх, хамтдаа бүтээх, хамтдаа хүртэх зарчмыг баримтална. Хаалттай бус, харин нээлттэй, уужуу хүртээмжтэй байна. Дан ганц Хятад улсын гоцлол биш, харин зам дагуух улс орнуудын их найрал байна” гэж онцолсон байдаг.
Күнз “бусад лугаа санаа зохирон найрамдах агаад сохроор эс дагалдахуйн” үзлийг анх түрүү номлож, “өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад бүү тулгагтун” хэмээн сургасныг “өршөөл уучлалын ёс”-ны сургаал хэмээнэ. Күнзийн энэхүү эш номлолыг БНХАУ-ын дэвшүүлсэн “зохиролт дэлхий ертөнц”-ийн үзэл баримтлалын соёл сэтгэлгээний эх үндэс гэж үздэг. Орчлон ертөнц дээр олон соёл тэрсэж бус, зохирч оршихуй нь энэ үзэл баримтлалын үндэс юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын ЮНЕСКО-д хэлсэн үгэндээ “Соёл иргэншил бол эрх тэгш байдаг. Хүн төрөлхтний янз бүрийн соёл иргэншил үнэ цэнийн хувьд эрх тэгш бөгөөд бүгд өөр өөрийн давуу талтай, бас өөрийн сул талтай. Дэлхий дээр төгс төгөлдөр соёл иргэншил гэж үгүй. Соёл иргэншилд дээр доор, сайн муугийн ялгал гэж үгүй. Соёл иргэншил бүхэн өөрийн өвөрмөц онцлогтой. Соёл иргэншлийн тухайд яг хуулбарлан дуурайх, хүчээр нялзаах нь боломжгүй төдийгүй, туйлын хортой. Гагцхүү уужуу өгөөмөр байваас “соёлын мөргөлдөөн” гэгч үгүй болж, соёл иргэншлийн зохирол буй болно. Хятад хүн “санаа зохирох агаад сохроор эс дагахын” учир ёсыг аль эрт таньсан байдаг” гэж онцолжээ.
Он цаг урсаж, олон зуун улиран одсон ч, Күнзийн олон сургаал номлол ер элэгдэж мартагдалгүй, харин ч хүмүүн төрөлхтний соёл сэтгэлгээг шинэ утга агуулга, шинэ оюун мэдлэгээр тэлэн баяжуулсаар байгаагийн цөөхөн баримт жишээ энэ юм.
Тиймийн учир Күнзийг Хятад улсын төдийгүй, даян дэлхийн их сэтгэгч хэмээн үздэг бөлгөө.
Монголд хэд хоног их цас үргэлжлэн орж, “Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монгол руу орж ирснээр, сүүлийн 10 гаруй жилд 11-р сард ажиглагдаагүй онцгой ихээр хүйтрэх” тухай Монголын хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр мэдээлж, Казахстан улс болон Хятадын зүүн хойт хэсэг, Шиньжян Уйгурын ӨЗО, Өвөр Монголын ӨЗО-ны зарим нутгаар их цас унаж, автозам хаагдан, агаарын тээврийн олон нислэгийг цуцалсан тухай Хятадын хэвлэл, телевизээр мэдээлж байлаа.
Гэтэл энд намрын налгар өдрүүд налайж, зөөлөн бороо шивэрч байна. Хүж дэлхийн түмэн хувирлын дэргэд хүмүүн бид юутай өчүүхэн. Өчүүхний учир тэнгэр, газрын ивгээж хайрласан тэр л хишиг буяныг хүртэх жамтай буюу. Их сэтгэгч Күнз тэртээ хэдэн мянганы өмнө “Тэнгэр юуг өгүүлнэм зэ? Дөрвөн улирал ээлжлэн улирч, түмэн бодис жамаараа дэлгэрэх буюу” хэмээн сургасан нь энэ л жам ёсныг өгүүлсэн хэрэг бус уу. “Тэнгэрт өөрийн цаг тохиол буй, газарт өөрийн цаглашгүй баялаг буй, хүмүүнд цаг тохиол, цаглашгүй баялгийг хүртэхүйн хувь буй” хэмээхүйн учир мөнхүү үүнд орших бус уу. “Од мичид тойрон орчиж, наран саран нэвт гийгүүлэн, дөрвөн улирал ээлжлэн, цаг мөчлөг солигдож, арга билиг түмэн бодисыг ихээр хувирган, салхи бороо түмэн бодисыг тэтгэн тэжээж, түмэн бодис арга билгээр бүрэлдэн зохирч, үржин төлжиж байдаг” тэр л жам ёс, зүй тогтлыг хэн сөрж, хэрхэн хувиргаж чадахсан билээ.
Энэ мэт эрээвэр хураавар бодолдоо ээрэгдэн суутал, галт тэрэгний өртөө руу явах цаг болсныг дуулгаж, надад газарчлах эрхмийн хамт Чү Фү хотын хурдан галт тэрэгний өртөө руу хөдлөв. Бороо шивэрсээр. Төдөлгүй танил дасал болсон галт тэргэний өртөөнд хүрч ирэв. Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, СГЗ Го.Аким, СГЗ Ү.Хүрэлбаатар, Хүний гавьяат эмч, орчуулагч М.Шагдарсүрэн, Г.Сэр-Одын шагналт, авьяаслаг залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш, МУИС-ийн багш нар яруу найрагч, нийтлэлч Д.Мөнхтөр, Б.Наранбаатар, яруу найрагч А.Мягмаржав, телевизийн сэтгүүлч, олон сайхан дууны үгийн эзэн найрагч Н.Наадай, алс холын Ховд нутгаас ирсэн, урианхан найрагч С.Бүрнээ зэрэг энэ цагийн утга соёлын өнгө болсон зохиолч, сэтгүүлчдийн баг их сэтгэгч Күнз, Мэнзийн нутгаар хийсэн аялалд бараа болон явж, аяллын төгсгөлд энэ өртөөнөөс Бээжин хүртэл үдэн хүргэж, Монгол руу мордуулаад, эргэж “Нишаний форум”-д оролцохоор энэ өртөөнд буусаар танил дасал болсон хэрэг. Монголын нэртэй зохиолч, сэтгүүлчдийн багийн аяллыг МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт санаачлан зохион байгуулсан болохоор миний бие бараа болон дагалдан явсан билээ. Эрхэм зохиолчид эдүгээ аян замын тэмдэглэл, шинэхэн тэрлэсэн шүлэг зохиолоо олон түмнээ өргөн барихаар яаравчлан суугаа буйзаа.
-Хятад орны хөгжил хийгээд “ хурд”-ны тухай өгүүлэхүй-
Мянганы газрын холхи аян мөнхүү өлмий дороос эхэлдэг.
Хятадын хууч үг
Чүфү хотыг дайран өнгөрөх Шанхай-Бээжингийн чиглэлийн хурдан галт тэрэг энд бууж суухын зуур хоёрхон минут зогсох ажээ. Сүүлийн 30 гаруй жилд хятад хүний оюун ухаанаар бүтээсэн олон гайхамшигийн нэг нь “хурдан галт тэрэг” гэдэг. Хурдан галт тэрэг бол “Хятадын хурдны бэлгэдэл” гэсэн үг ч буй. Хурдан галт тэргийг хятадаар “хөшиэ” хэмээн нэрлэх бөгөөд орчуулбаас “зохирол” гэсэн үг юм. Их сэтгэгч Күнзийн “Зохирол бүхнээс эрхэм буюу” хэмээсэн сургаал суман биед нь шингэн ууссан хурдан галт тэрэг Хятадын өргөн уудам нутгаар хэрэн цахилж байгаа нь энэ ээ. Цагт 300 км хүртэл хурдалдаг тэрхүү галт тэрэг урьд өмнө нь 6-7 цаг явдаг байсан замыг өнөөдөр цаг хагасаас хоёрхон цагийн дотор туулж байна. Үүнийг л өнөөдөр Хятад улсын хөгжлийн хурд хэмээн нэрлэх ажээ.
Аливаа улс гүрний хөгжлийг тодорхойлдог хоёр чухал хүчин зүйл байдаг нь инноваци, хурд хэмээнэ. Инноваци гэх энэ үгийг хятадаар “чуаншинь” хэмээх бөгөөд орчуулбаас “шинийг бүтээх” гэсэн утгатай юм. “Бусдын өчигдрөөр өөрсдийн маргаашийг хувирган гоёх хэрэггүй”, “Бид инновацийг бие даан бүтээх замаар явахаас өөр сонголт гэж үгүй”, “Инноваци, инноваци бас дахин инноваци” гэсэн үгс Хятад орон даяар хөгжлийн уриа дуудлага болон дуурсаж байгаа нь алхам тутамд мэдрэгдэнэ. Хятад улсын “судалгаа-хөгжил”-ийн (R&D) дэлхийд эзлэх хувь 2000 онд 1,7 хувь байсан бол 2014 онд 14,4 хувь болж өссөн нь үүний нэгэн гэрч юм.
Монголын зохиолчдын төлөөлөгчид Шаньдун мужид байрладаг “Ланчао житуань” (INSPUR) хэмээх Хятадын мэдээллийн технологийн аварга том корпорацийн төвөөр зочилсон юм. Хятадын цахим мэдээллийн үйлдвэрлэл эрхэлдэг шилдэг 100 компанийн 9 дүгээрт жагсдаг, бүх Хятадын мэдэээллийн технологийн эхний 2 том компанийн нэгд тооцогддог, дэлхийн 100 гаруй улс, бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг, АНУ, Япон, Латин Америкийн орнууд зэрэг олон газар судалгаа хөгжлийн төвөө нээсэн, 26 улсад салбар компани нь ажилладаг гээд олон алдар гуншинтай уг корпорацийн ажилтан бидэнд “үүлэн тооцоолуур” (Cloud Computing), “их мэдээллийн өгөгдөл” (Big Data), “хөдөлгөөнт интернет” (Mobile Internet) гэх зэрэг шинэ үеийн мэдээллийн технологийн ололтын тухай ихэд нарийн танилцуулсан боловч, хэл залгуулах үүрэгтэй миний бие энэ талын мэдлэг мэргэжил үгүй мөхөс нэгэн тул эрхэм зохиолч нөхөддөө олигтой оноон тайлбарлаж өгч эс чадсандаа гэмшиж явсан билээ.
Биднийг энэ нутгаар аялж явах үед БНХАУ-ын Дарга сансарын нислэгийн удирдлагын төвд очиж, “Тяньгун-2” сансрын хөлгийн бүхээгт 20 гаруй хоног ажиллаж, эрдэм шинжилгээ туршилтын чухал үүрэг гүйцэтгэж яваа сансрын 2 нисгэгчтэйгээ утсаар холбогдон, эрүүл мэнд, амьдрал байдал, ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа зэргийг улсын удирдагчийн хувиар халуун дотноор асууж лавлан, ажил үүргээ амжилттай биелүүлээд эх орондоо эсэн мэнд эргэн ирэхийн ерөөл өргөж байгааг телевизийн нэвтрүүлгээр дамжуулж байсан билээ. “Ланчао” корпорацийн ажилтны танилцуулснаар, сансрын нислэгт хэрэглэгддэг зарим чухал тоног төхөөргийг бидний зочлон очсон уг корпораци үйлдвэрлэдэг юм билээ.
Хятад орны мандал цэцэглэлийн эх ундарга болсон “хөгжлийн хурд” газраас сансарт хүрсний нэг жишээ энэ буюу.
Хятад улсын эрч хурдтай хөгжлийн өөр нэгэн хүчирхэг хурдасгуур нь “Интернет” буюу “Цахим сүлжээ” юм. Цахим сүлжээ Хятад оронд “ухаалаг амьдрал”-ыг цогцлоон буй болгож, хүн ардын өдөр тутмын аж амьдрал улам бүр цахимжиж, “цахим сүлжээний хүчирхэг гүрэн” болон хувирч байна. 2015 онд БНХАУ-ын Засгийн газар “Интернет + үйл ажиллагаа” хэмээх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх зорилт дэвшүүлснээр, цахим сүлжээ нийгмийн амьдралын бүх хүрээнд асар хурдтай нэвтэрч, ард түмний өдөр тутмын аж амьдралын эн тэргүүний хэрэглээ болжээ. Эдүгээ Хятад оронд цахим сүлжээний хэрэглэгчдийн тоо 688 саяд хүрсэн нь нийт хүн амын бараг тэн хагасыг эзэлж байна. Төр засгийн байгууллагаас эхлэн, үйлдвэрлэл, аж ахуй, үйлчилгээ, соёл, боловсролын бүх салбарт интернет өргөн дэлгэр нэвтэрч, тэгснээр ард олны ажил үйлс, аж амьдрал улам бүр төвөг чирэгдэл багатай, хялбар дөхөм болж байна. Эрүүл мэндийн салбарт гэхэд л “интернет + эмчилгээ” хэрэгжсэнээр, урьд өмнө нь эмнэлэгт үзүүлэхийн тулд “гурван цаг дугаарлаж, гурван минут үзүүлдэг” байсан бол одоо цахим сүлжээгээр оношлуулж, эм тариагаа захиалж, алсын зайнаас эмчлүүлэх болжээ. Тийнхүү хялбар дөхөм, хүртээмжтэй дэлгэр болж, “эмнэлэгт үзүүлэхийн бэрх, эм тарианы үнэ ханшийн бэрх, эмчилгээ үйлчилгээний хөшүүн хойргын бэрх” бүгд ул болон арилж байна хэмээн хятад нөхөд ярьж байна. Саяхан Хятадад анхны “Интернет эмнэлэг” нээгдсэн нь “интернет + эмчилгээ” -ний цоо шинэ эрэл хайгуул, хэв загвар болж, “Огторгуйн орон зайн эмнэлэг” нь эмч хийгээд өвчтний хүч хөрөнгө, цаг хугацааг асар ихээр хэмнэх болжээ.
Алс холын муж хотод амьдран суудаг хүнд өвчтөн холын газраас заавал Бээжин, Шанхай зэрэг том хотын нэртэй эмнэлгийг зорих шаардлагагүй болж, “Интернет эмнэлэг”-ээр дамжуулан, бүх Хятадын газар газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн хэдэн арван мянган баг, хэдэн зуун мянган эмч, мэргэжилтэнтэй шууд холбогдон, өвчний оношийг тэр дор нь эцэслэн тогтоож, мэс ажилбар хийх шаардлагатай бол тухайлсан мэргэжилтний багийг урин ирүүлж, “хүнд өвчин туссан ч заавал холыг зорихгүйгээр, хот, муждаа бүрэн эмчлүүлэх” ирээдүй тун удахгүй төгс бүрдэх ажээ.
Хятад бол үр хүүхэд нь эцэг эх, өтгөс буурлыг ихэд өргөн дээдэлж, асран тойлдог эртний уламжлалтай орон. Гэвч хөгжлийн хурд, нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийг дагалдан, уламжлалт гэр бүлийн хэв загвар өөрчлөгдөж эхэлжээ. “Хятадын гэр бүлийн хөгжлийн 2015 оны илтгэл”-ээс үзвэл, үр хүүхдүүдээсээ тусдаа амьдардаг өндөр настан нийт өндөр настны тэн хагасыг эзлэх болсон байна. Ганц бие өндөр настан нийт өндөр настны 10 хувийг эзэлдэг ажээ. Нийгэмд энэ бүхнээс үүдэлтэй маш олон хүндрэл бэрхшээл тулгарч, тэр бүхнийг “интернет + настныг өргөх” бодлогын хүрээнд шийдэх болжээ. Орчин үеийн цахим сүлжээ, үүлэн тооцоолуур, өмсдөг төхөөрөмж (Wearable devices) зэрэг шинэ үеийн мэдээллийн технологийн үр шимийг ашиглан өндөр настныг өргөж тойглох олон асуудлыг шийдэж байна. Үр хүүхэд нь алсын зайнаас удирдаж, эцэг эхдээ хүссэн хөтөлбөрийг үзүүлж болдог интернет телевиз, алхаа гишгээг хэмждэг, хурдан удааныг нь тохируулж өгдөг гутал, өрөө тасалгааны агаарын чанарыг хэмжиж тохируулдаг төхөөрөмж зэрэг олон шинэ цахим төхөөрөмж өндөр настны өдөр тутмын амьдралд нэвтэрч байна. Өндөр настан цахим сүлжээний тусламжтайгаар цаг ямагт бусдын хараа халамж, асрамж анхаарлын төвд аж төрөх болжээ. Аюул осол тохиолдвол хаана байгааг нь мэдээлдэг, хаалга үүдээ сул орхивол сануулж мэдээлдэг, гэрт нь байрлуулсан хэт ягаан туяаны бүсэд тогтсон хугацаанд эс үзэгдвээс дор нь мэдээлдэг, хананд нь зоосон “эрүүл мэндийн хяналтын ухаалаг төхөөрөг” нь цусны даралт, сахарын хэмжээ, зүрхний цохилт зэргийг тогтмол хэмжиж, тэрхүү мэдээлэл нь эрүүл мэндийн цахим мэдээллийн санд орсноор үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ биеийн байдлыг үргэлж алсаас хянаж байх боломж бүрдэж байна.
“Зам дээр зогсож, хөлсний унаа олж суух гэдэг саяхан болтол туйлын бэрх байсан юм. Ажилдаа явахын тул өглөө эртлэн гарч, удтал хүлээсний эцэст арай хийж нэг унаа олдог, цас, бороотой үед унаа олно гэдэг бүр хэцүү байлаа. Одоо их амархан болсон. Гар утсан дээрээ интернетээр хаана ямар тэрэг явааг мэдэж, дуудахад хэдхэн минутын дотор ирдэг болсон, одоо зам дээр гар өргөн зогсдог цаг үе нэгэнт өнгөрсөн шүү” хэмээн миний хятад анд өгүүлж байна. Цахим сүлжээ хүний өдөр тутмын аж амьдралд ердийн хэрэг болж буйн нэг жишээ энэ юм. Энэ төрлийн үйлчилгээг анх АНУ-ын UBER компани 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. Интернетийг нийтийн зорчигч тээвэртэй холбох энэ санааг Хятадад анх хэрэгжүүлсэн компанийг Дidi хэмээнэ. 2012 онд Хятадын “Цахиурын хөндий” (Silicon Valley) хэмээн нэрлэгддэг Бээжингийн Жунгуаньцүнь (Zhongguancun)-д анх байгуулагдсан уг компани 2015 он гэхэд нийт 1,4 тэрбум захиалга хүлээн авчээ. Эдүгээ Бээжингээс гадна Шанхай, Гуанжоу, Шэньжэнь, Ханьжоу зэрэг 16 томоохон хотод “Интернет + нийтийн тээвэр” -ийг хэрэгжүүлж, өдөрт хүлээн авдаг дуудлагын тоо 150,0 мянга хол давдаг болжээ. 2016 онд бүх Хятадын 400 хотод дуудлагын тэрэгний интернет үйлчилгээ нэвтрүүлэх ажээ.
2015 онд Хятад улсын хэмжээнд агаараар болон төмөр замаар зорчигчдын цахим сүлжээгээр тийз тасалбар захиалагчдын тоо 78 хувь, 68 хувьд тус тус хүрчээ. Миний хувьд гэхэд л “Нишаний форум”-д оролцохоор Чүфү хот руу явах болон Бээжин хот руу буцах хурдан галт тэрэгний тасалбарыг хурал зохион байгуулах хорооноос урьдчилан цахим сүлжээгээр захиалсан тул Бээжингийн галт тэрэгний өртөөний тасалбар түгээврийн газар очиж, гадаад паспортаа үзүүлээд л тийз тасалбараа авч билээ. Ямар ч төвөг чирэгдэл алга.
Түүнчлэн асар хурдтай, нийгэмд гүн гүнзгий нөлөөтэй, хамрах хүрээ нь өргөн дэлгэр Вэйкэ, Вэйшинь зэрэг нийгмийн сүлжээ, мэдээлэл харилцаа эдүгээ Хятад орон төдийгүй, дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болон хувирч байна.
Тоймтой хэдхэн салбарын тухай өгүүлэхэд ийм ажгуу. Түүнээс гадна “интернет + үйл ажиллагаа”-ны хүрээнд цахим сүлжээгээр худалдаа хийх, үзвэр үйлчилгээний тасалбар худалдан авах, төлбөр тооцоо хийх, засвар үйлчилгээ хийлгэх, янз бүрийн сургалтанд хамрагдах, хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч олох, зочид буудал захиалах, зоогийн газар хоол захиалах зэрэг өдий төдий ажил үйлчилгээ цахимжиж, улам бүр хялбар дөхөм болсоор байна. Цахим сүлжээ айл гэрийн амин хэрэглээ, улс орны хөгжлийн эрч хурдасгуур болж байгаа нь энэ юм.
Эдүгээ Хятад улс “Хоёр 100 жил”-ийн аугаа том зорилт дэвшүүлэн, 2020 он гэхэд дундаж чинээлэг нийгмийг цогцлоон байгуулах, энэ зууны дунд үе буюу 2049 он гэхэд баян, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилт, эе зохиролт, орчин үеийн социалист улсыг төгс бүтээн байгуулахаар зорьж байна. Үүнийг Хятадын олон үндэстний аугаа их сэргэн мандлын “Хятадын мөрөөдөл” хэмээн нэрлэж байгаа юм.
Хятад орон тийнхүү “Хий хоосон яриваас улс мөхдөг, хийж бодитой бүтээвээс гүрэн цэцэглэдэг” гэсэн нэгдмэл санаа зорилго, итгэл үнэмшилээр урагшлан, дэлхийн тавцнаа улам бүр тодрон тэргүүлж байгаа нь чухамдаа алс хэтийг зорьсон аугаа том зорилт, зорьсоноо хэрэгжүүлж чаддаг хүчтэй эр зориг, нарийн ур ухаан, хөгжлийн өндөр эрч хурд, хүмүүний оюун ухааны их эрчим чадал бүгд төгс зохирсоны үр шим буюу.
Чүфү - Бээжин - Улаанбаатар, 2016.11.18
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
доктор (Ph.D), профессор, хятад судлаач
Урианхан Мэнэрэлийн Чимэдцэеэ
2024-11-13
2024-11-12
2024-11-11
2024-11-08